Page 28 - Монгол хэл
P. 28

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ

            Даалгаврын  зорилго:  Эхийг  уншиж,  задлан  шинжилж,  үйл  явдал  нь  цаг  хугацааны  дарааллаар
            өрнөдөг онцлог шинжээр нь хүүрнэсэн эхийг ялган таних чадварыг нь үнэлэх
            “Хусны шид” эхийг уншаад задлан шинжилж,  өгсөн даалгаврыг гүйцэтгэнэ үү.


                                                       Хусны шид
                  Нэг өдөр Мятав малд явж байгаад Асгатын цохион дээрээс хэдэн тэмээгээ дурандаж суужээ.
              Тэр  цохио  бол  хажуунаас  нь  хус  мод  шахаж  ургасан,  гурав  дөрвөн  давхар  байшингийн  дайтай,
              тэрүүхэндээ өндөр гээчийн газар байсан юм.
                  Хүржигнэсэн сүртэй дуу гарахаар нь Мятав эргээд харсан чинь том алаг ирвэс ард нь ирчихсэн
              хэдхэн алхмын цаанаас үсрэн дайрахаар завдаж байлаа.
                  Хаашаа ч гарах газаргүй болжээ. Ирвэс биеэ хураан архирлаа. Мятав гэнэт цохионоос үсэрч
              өндөр хусны оройгоос зуурахад хус саван гулзайж нумарсаар Мятавыг газардуудав. Ирвэс хойноос
              нь үсрэхээс айн бэрхшээсэн янзтай өндөр хадны ирмэг дээр балтайн хярж, Мятав руу хий л гөлөрч
              байв. Мятав “Чамайг одоо” гэж шивнэн арайхийн тогтоон барьж байгаа нумарсан хусны үзүүрийг
              ирвэс рүү чиглүүлэн татаж байгаад тавьчхав. Хусны үзүүр чавхдан очиж ирвэсийг шавхуурдахад
              огцом муухай дуугарч, амь тавьсан ирвэс өндөр хаднаас цоохор арьс шидсэн мэт газарт нэвсийн
              унажээ.
                  Ингэж Мятав халз тулгарсан араатны аюулаас ухаанаанаар мултран гарсан түүхтэй.
                                                                                              Ш.Цэнд-Аюуш

            Гүйцэтгэх даалгавар:

            1.   Эхэд юуны тухай өгүүлсэн бэ? /Эхэд ямар асуудал дэвшүүлсэн бэ?/
                  А.  Хүн араатан хоёрын тулааны тухай
                  Б.  Хүн араатан хоёрын өрсөлдөөний тухай
                  В.  Гэнэтийн аюулыг хүч чадлаараа ялан дийлсэн тухай
                  Г.   Гэнэтийн аюулыг арга ухаанаар ялан дийлсэн хүний тухай

            2.   Эхэд үйл явдал  өрнөсөн газрыг дүрсэлсэн хэсэг аль нь вэ?
                  А.  Өндөр хадны ирмэг дээр
                  Б.  Асгатын цохион дээр
                  В.  Тэр цохио бол хажуунаас нь хус мод шахаж ургасан, гурав дөрвөн давхар байшингийн дайтай,
                     тэрүүхэндээ өндөр газар

            3.   Эхэд өгүүлсэн үйл явдал ямар хугацаанд өрнөсөн бэ?
                  А. Нэг өдөр
                  Б. Нэг цаг
                  В. Хоромхон зуур

            4.   Эхийг “Хусны шид” гэж яагаад нэрлэснийг батлах 3 баримтыг олно уу.
                  А.  Тэр цохио бол хажуунаас нь хус мод шахаж ургасан, ... өндөр гээчийн газар байсан юм.
                  Б.   .... хус саван гулзайж нумарсаар Мятавыг газардуудав.
                  В.  Мятав ... арайхийн тогтоон барьж байгаа нумарсан хусны үзүүрийг ирвэс рүү чиглүүлэн татаж
                     байгаад тавьчхав.
                  Г.   Хусны үзүүр чавхдан очиж ирвэсийг шавхуурдахад ...
            5.   Эхийн гол санаа аль нь вэ?
                  А.  Гэнэтийн аюулаас хамгаалахад хүнд хүч чадал хэрэгтэйг харуулсан.
                  Б.  Гэнэтийн аюулаас хамгаалахад хүнд мэдлэг, арга ухаан хэрэгтэйг харуулсан.
                  В.  Гэнэтийн аюулаас хамгаалахад хүнд анхаарал болгоомж хэрэгтэйг харуулсан.
                  Г.   Гэнэтийн аюулаас хамгаалахад хүнд овсгоо самбаа хэрэгтэйг харуулсан.




             24
   23   24   25   26   27   28   29   30   31   32   33