Page 18 - Уран зохиол
P. 18
ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
Нөгөө талаар оношлох үнэлгээг сурах үйл ажиллагаанд гарч буй бэрхшээлийг олж
илрүүлэхэд ашигладаг. Ангийн ихэнх сурагч гүйцэтгэж чадахгүй байгаа чадвар болон алдаатай
хийж гүйцэтгэж буй агуулгыг мэдсэнээр багш тухайн агуулгыг эзэмшүүлэх арга барилаа өөрчилнө.
Юунаас шалтгаалаад амжилттай сурахгүй байгааг оношилсноор алдааг засах аргыг олдог. Үүнийг
ихэвчлэн нэгж, бүлэг сэдвийн дараа /улирлын эцэст/ хийдэг.
Үүний тулд бүлэг сэдвийн /нэгж/ дараа үнэлгээний шалгуур бүрээр сурагчаа оношилж
тогтооно. Жишээлбэл: Х ангийн Зохиолын хэл найруулга уран дүрслэл, яруу хэрэглүүр, бичил
дүрслэлийн уншигчдад үзүүлэх нөлөөг тайлдаг гэсэн шалгуурын I,II түвшинд ангийн ихэнх
хүүхдүүд хамрагдаж байгаа бол “Зохиолын үг сонголт /уран дүрийн үг/; үгийн сан /шинэ, хуучин,
гадаад гм/; уран дүрслэл /адилтгал, егөөдөл, бэлгэдэл гэх мэт/; бичил дүрслэл, яруу хэрэглүүр
уншигчдад хэрхэн нөлөөлж буйг жишээ баримтаар тайлдаг” чадварын аль нь дутуу болов гэдгээс
үндэслэн тогтоож олно. Магадгүй бичил дүрслэлийг дутуу ойлгосноос /оношоо зөв тогтоосон бол/
хамаарч байгаа бол дахин давтан эргэж ажиллана гэсэн үг. Тухайн зохиолоос бичил дүрслэлийг
эрж хайж олоод, бичил дүрслэл болохыг баталж тайлбарлах. Үүний тулд бичил дүрслэл гэж юу
болох, хэрхэн бүтээдгийг авч үзэх.
Хэлний хэрэглээ гэдэг бол зохиолчийн зүгээс уншигчдад нөлөөлөхийн тулд хэрхэн холбоо
тогтоож байгааг хэлнэ. Түүнийг судална. Үүнд:
1. Зохиолчийн үг сонголт: Уран дүрийн үгийн сангаас хийсэн сонголт хийгээд үгийн дуудлага,
өнгө аясыг судална.
2. Өгүүлбэр зүйн ур маяг: Өгүүлбэрийн доторх үгийн байрлал хийгээд яруу хэрэглүүрийн
үүргийг судлах
3. Дүрслэх хэлний хэрэглээ буюу дүрслэлийн ур маягийг судлах
4. Бичил дүрслэл буюу мэдрэхүйн нарийвчлалыг судлах
Бичил дүрслэл: Зохиогч санааг дамжуулж, өнгө аяс, уур амьсгалыг бүтээхийн тулд
бичил дүрслэлийг хэрхэн ашигласныг тайлбарлана. Тайлбарлахдаа бичил дүрслэл нь мэдрэхүйн
дүрслэлд тулгуурлаж байна уу, хийсвэр санаанд тулгуурлаж байна уу? гэдгийг ажиглана. Уран
сайхны бичил дүрслэл нь бидний сэтгэл санааны байдлыг бүтээж, сэтгэл хөдлөлийг сэлгэж байдаг.
Жишээ нь: “Гол ус намуухан урсана” гэхэд “намуухан” гэсэн дүрслэх үгээр сонорын мэдрэхүйд
хандаж алгуур тайван үр нөлөөг бүтээсэн байна. /Г.Нандинбилиг “Эх зохиолыг задлан шинжилж,
үнэлэх арга зүй” УБ2018 42-р тал/
П. Бадарч “Эхийн сэтгэл”
“...Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг
Цав суутал хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй ээ” гэсэн хэсэг уншигчийн сэтгэл санаанд нөлөөлж байгааг “царцтал
харлаа”, “цав суутал ширтлээ” үгээр эх хүн үрээ ямагт хүлээж, уулзан учрахыг мөрөөсөж байдгийг
дүрсэлжээ.
Судалж байгаа зохиолоос хамаарч бичил дүрслэлийн уншигчдад үзүүлж байгаа үр нөлөөг олж
тайлбарлахын тулд сэтгэлийг хөдөлгөж, баяр баясал, хайр энэрэл, бардамнал, үзэн ядалт, гуниг,
бухимдлыг төрүүлэх гэх мэтээр хэрхэн сэтгэл санаанд нөлөөлж байгаа хэсгийг олж тайлан
тайлбарлана. Мөн чихэнд сонсголонтой, нүдэнд үзэгдэх тод дүрслэлтэй, аманд амтагдтал, гар
баригдтал гэх мэт мэдрэхүйд нөлөөлж байгаа хэсгийг ч олж тайлбарлуулах дадлага хийснээр
үр дүнд хүрнэ. Энэ мэтээр агуулгын хүрээнд хоцрогдож буй ойлголтоо эргэн давтан үзэх, дадал
болгоход оношлох шалгалтын ач холбогдол оршино.
Явцын үнэлгээнд үнэлгээний шалгуурыг ашиглах
Хичээл сургалтын үйл ажиллагаандаа өдөр тутам явцын үнэлгээг хэрэглэдгийн учир нь
сурагчдынхаа давуу болон сул талыг тодорхойлж, сурагчдыг ахиц дэвшил гаргах, сурах арга барил
суулгах, сэтгэх чадварыг тэлэх, өөрийн удирдлагатай суралцахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг давуу
талуудтай.
14