Page 6 - Газарзүй
P. 6

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ ШАЛГУУРЫГ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ



                                             СУРАЛЦАГЧИЙН ҮНЭЛГЭЭ



                Боловсролын үнэлгээний нэг чухал хэсэг нь суралцагчийн үнэлгээ юм. Энэ нь суралцагчийн
            суралцах  үйл  ажиллагаа  /суралцахуй/-ны  талаарх  мэдээлэл  цуглуулах,  сайжруулах,
            шаардлагатай  тохиолдолд  шийдвэр  гаргах  зорилгоор  системтэй  мэдээлэл  цуглуулах,  дүн
            шинжилгээ  хийх,  үнэлэлт  дүгнэлт  хийх  үйл  явц  юм.  Багш  нар  хичээл  сургалтын  явцад
            суралцагчийг үнэлж журналд дүн тавих, нэгж, бүлэг сэдвийн дараа шалгалт /сорилго¹/ авах,
            засаж оноожуулах /хэмжилт хийх²/, үнэлж дүгнэх³ зэрэг байнга хийдэг ажил нь үнэлгээний үйл
            явцад хамаарна.
                Бид үнэлгээний шалгалт авах, дүн тавих үйл явцыг хийдэг боловч шалгалтаар дамжуулан
            суралцахуйн  талаар  ямар  ач  холбогдолтой  мэдээлэл  цуглуулж  буй,  үр  дүнд  шинжилгээ
            хийх,  шинжилгээний  үр  дүнг  сургалтын  үйл  ажиллагаанд  бүтээлчээр  хэрэглэх  байдлыг
            орхигдуулж  ирсэн.  Суралцагчийн  үнэлгээг  зөвхөн  дүн  тавихын  тулд  хийж  ирсэн  тогтсон
            ойлголт, хандлагыг өөрчлөх хэрэгцээ байна.

                Суралцагчийн  үнэлгээ  гэдэгт  “суралцагчийн  сурлагын  амжилтын  түвшнийг  тогтоох,
            мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг бодитой үнэлэх, түүнд тулгарч буй
            бэрхшээлийг илрүүлж дэмжлэг үзүүлэх, урамшуулах үйл явц”-ыг ойлгоно.

                Хичээл, сургалтын өдөр тутмын болон тодорхой хугацааны /бүлэг сэдэв, хагас жил, жилийн
            эцэс/ дараа хийдэг бүх төрлийн үнэлгээ “шалгуур”-т суурилсан байна.




            ШАЛГУУРТ СУУРИЛСАН ҮНЭЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
                Багш  нарын  хувьд  “үнэлгээ”-г  шалгуурт  суурилсан  байдлаар  үр  дүнтэй  хийхийн  тулд
            үнэлгээний  шалгуур  болон  шалгуурт  суурилсан  үнэлгээний  талаарх  мэдлэг  ойлголтоо
            өргөжүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай.
                Суралцахуйн үр дүнд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлага төлөвшилд баримжаалж
            боловсруулсан  тодорхой  шалгуур  (хүрэх  үр  дүн)-тай  харьцуулж  суралцагчийн  сурлагын
            амжилтыг  үнэлэх  үйл  явцыг  шалгуурт  суурилсан  үнэлгээ  /criterion  referenced  assessment/
            гэдэг. Өөрөөр хэлбэл суралцагчийн гүйцэтгэлийг бусад суралцагчтай бус зөвхөн үнэлгээний
            шалгууртай харьцуулж үнэлж, дүгнэх үйл явц гэсэн үг.

                Үнэлгээний шалгуур нь:
                 •  Суралцахуйн  үр  дүнд  нийцсэн  сурагчийн  гүйцэтгэлийг  хэрхэн  тодорхойлохыг  зааж
                   өгдөг.
                 •  Сурагч суралцахуйн үр дүнг амжилттай эзэмшсэнийг харуулахын тулд юуг хийж чадаж
                   байгаагийн товч илэрхийлэл
                 •  Суралцахуйн үр дүн бүрийг эзэмшсэн байх тодорхой, хоёрдмол утгагүй нотолгоог бий
                   болгох зорилготой.





            1   Сорилго  нь  бүх  суралцагчдыг  тодорхой  хугацааны  дараа  зохион  байгуулдаг,  асуултын  багцаас  тогтсон  үнэлгээний  тодорхой
            төрөл юм. Сорилго нь тоон болон ямар нэг ангиллын хэмжээсийг ашиглан суралцагчийн нэг ба хэд хэдэн шинж чанарыг хэмжих,
            илэрхийлэх гэсэн системтэй арга хэрэгсэл юм.
            2  Хэмжилт нь сорилго, эсвэл үнэлгээний төрлийн үр дүнг тусгай дүрэм (жишээлбэл, зөв хариултыг тоолох, оноо өгөх г.м)-ийн дагуу
            тоогоор илэрхийлдэг. Ихэнхдээ оноо өгөх /scoring/ гэж тодорхойлдог.
            3  Үнэлгээний мэдээллийг хэрэглэн, тогтсон шалгуур үзүүлэлтэд харгалзах чансааг тодорхойлох үйл явц

             2
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11